Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр нар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга, хурандаа Б.Нямгомботой уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр байгууллагын зүгээс чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар харилцан мэдээлэл солилцож, өмгөөлөгчдөд тулгардаг зарим хүндрэлтэй асуудлуудын талаар болон тэд мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ хязгаарлалт, хүнд сурталгүйгээр хэрэгжүүлэх, мөн тус хаалттай хорих ангид цагдан хоригдож буй хүмүүсийн эрхийг хангах талаар нээлттэй санал солилцож, дараах асуудлуудаар нэгдсэн ойлголцолд хүрлээ. Үүнд:
– Өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах өрөөний агааржуулалтыг сайжруулан, хэвийн уулзах нөхцөлийг бүрдүүлэх;
– Цагдан хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэндийн болон тус ангиас гаргах боломжтой лавлагаа тодорхойлолтуудыг нэмэлт шинжилгээ шаардлагатай болон ШШГЕГ-ын нэгдсэн эмнэлгийн комисс ажиллан дүгнэлт гаргах зэрэг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж хариуг өгч байх;
– Цагдан хоригдож байсан хүнийг өөр хорих ангиудад шилжүүлсэн тохиолдолд өмгөөлөгч нар төдийгүй үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн урьдчилан захиалга өгсөнөөр 21 аймгийн ШШГГ, хэлтэс, хорих анги, салбар нэгжтэй цахимаар холбогдон 461 дүгээр ангийн “Цахим уулзалтын хэсэг”-ээс шууд холбогдох, мөн шилжин хоригдож буй анги руу нь тус ангиар дамжуулан илгээмж явуулахыг хэрэглээнд хэвшүүлэх;
– Тус хорих ангид цагдан хоригдож байгаа яллагдагч мэдүүлэг өгч байх явцад ЭХХШтХ-ийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчтэйгээ харилцааны нууцлал хангагдсан өрөөнд ганцаарчлан уулзах шаардлага үүссэн тохиолдолд уг боломжоор хангах нөхцлийг бүрдүүлэх;
– Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх нь түдгэлзсэн, хүчингүй болсон хүмүүсийн талаарх мэдээллийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даруй илгээж байх;
Тус 461 дүгээр хорих ангийн зүгээс иргэдийн хууль зүйн үйлчилгээг шуурхай авах боломжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх, алба хаагчдын харилцаа ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа талаараа танилцууллаа. Тухайлбал;
– Цахим технологийг нэвтрүүлж, эргэлт уулзалтын үеийн төвлөрөл дарааллыг багасгах, тэдний цагийг хэмнэх зорилгоор цагийг урьдчилан цахимаар захиалах системийг нэвтрүүлсэн;
– Шалган нэвтрүүлэх байрны нэг цэгийн үйлчилгээнд Мэдээлэл лавлагааны ТҮЦ машин байршуулж E-Mongolia үйлчилгээний бүх лавлагааг гарган авах, цагдан хоригдож буй хүний “Нэрийн данс” дахь мөнгөний үлдэгдлийг цахимаар шалгах боломжийг бүрдүүлсэн;
– Хорих ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс ариун цэврийн өрөөг чөлөөтэй ашиглах боломж, нөхцөл хязгаарлагдмал байсан асуудлыг шийдвэрлэж хэвтэн эмчлүүлж байгаа тасгуудад шинээр бий болгосон;
– Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр бусад хорих ангиудад шилжүүлэгдэн хоригдож байгаа хүмүүсийг өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь 461 ангийн цахим уулзалтын хэсгээр дамжуулан боломжийг нээсэн,
– Цагдан хоригдож байгаа хүн нотариатын үйлчилгээ авахад нь зориулж интернет сүлжээнд холбогдсон “Нотариатын үйлчилгээ үзүүлэх өрөө”-г тохижуулж ашиглалтад оруулсан;
Ангийн даргын зүгээс тус байгууллагын шалган нэвтрүүлэх хэсэг дэх өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах өрөө нь харилцааны нууцлалыг хангаснаас гадна, хяналтын камераар зөвхөн дүрсний бичлэг хийгддэг болохыг, мөн өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзахаас бусад /мэдүүлэг авахад байлцах г.м/ тохиолдолд өмгөөлөгч дотогш нэвтрэхэд гар утас, таблет, нөүтбүүк зэргийг түр хураан авах талаар тус ангийн захиргаанаас ямар нэгэн шийдвэр гаргаагүйг яриандаа дурдсан байна.
Өмгөөлөгчид ганцаарчилсан уулзалт, мэдүүлэг авах ажиллагаанд оролцохдоо хууль болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж, тухайн байгууллагын дүрэм, журмыг хүндэтгэх, хорих байгууллагын албан хаагчид төрийн үйлчилгээг үзүүлэхдээ харилцааны болон ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллах нь харилцан ойлголцол хамтын ажиллагаанд эерэг үр нөлөөтэйг талууд онцоллоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *