Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүний эрхийг баталгаажуулах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бодитой хэрэгжүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш мэтгэлцээний нөхцөлийг хангах тал дээр маш том дэвшил авчрах хууль, тогтоолын төсөл батлагдлаа. Цаашид УИХ-ын тогтоолын дагуу:
​​ – Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох зохицуулалтыг тусгах;
​​ – Хүний халдашгүй байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хүрээнд мөрдөн байцаалтыг өмгөөлөгчгүйгээр явуулахгүй байх, хэрвээ өмгөөлөгчгүйгээр мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, хэрэг хүлээлгэсэн тохиолдолд тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
​​- Хавтаст хэргийг цахимжуулах, цахим хэрэгтэй нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэх журмыг боловсронгуй болгох;
​​ – Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид танилцуулах, гардуулан өгөх журмыг нарийвчлан зохицуулах;
​- Өмгөөллийн тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмж тусгах;
– Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай танилцах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зохицуулалтыг боловсронгүй болгох;
– Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг сайжруулах, хэргийн оролцогчийн эрхийг хангаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараагийн шатанд хэргийг шилжүүлдэг зохицуулалтыг тусгах,
– Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах эрхийг хуульд тусгах,
– Хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг гардуулан өгөх зохицуулалтыг хуульд тусгах;
– Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульчлах эрх зүйн үндэс бүрдлээ.
Ажлын хэсгийн болон дэд хэсгийн гишүүд, дэмжиж санал өгсөн УИХ-ын гишүүддээ болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 4 дэх ерөнхийлөгч Д.Батсүх, хуулийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон дэд Ерөнхийлөгч М.Баасанбат, өмгөөлөгч Б.Дашдорж, Т.Багахүү, О.Баярбаясгалан, Б.Баяраа, Г.Тамир, С. Тэгшжаргал УЗ-ийн нарийн бичгийн дарга Г. Отгонсүрэн, үнэ цэнтэй саналаа илэрхийлж байсан нийт өмгөөлөгчиддөө баярлалаа.

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *