Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2024 оны 2 дугаар улирлын ээлжит хуралдаан энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Нэг. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров Говьсүмбэр аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцүүлж, өмгөөлөгч П.Наранхүүг Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, салбар зөвлөлийн даргаар өмгөөлөгч Э.Сайханааг томиллоо.
Хоёр.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Төвийн бүсийн аймгуудын Өмгөөлөгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг 2024 оны 8 дугаар сард зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнээр ахлуулж, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Т.Энхбаяр болон Удирдах зөвлөлийн 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулах хугацаа, ажлын төлөвлөгөө, төсвийг 2024 оны 6 дугаар сард багтаан Удирдах зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Эрдэнэд үүрэг болгов.
Гурав.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны дарга Г.Наранбаатарын хэлэлцүүлснээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны сургалтын сургагч багшид олгох нэг цагийн урамшууллын хэмжээг Шинжлэх ухааны доктор 135,000 төгрөг, Доктор 125,000 төгрөг, Магистр 100,000 төгрөг байхаар тогтоосон болно.
Дөрөв.Төрийн болон төрийн байгууллагын шагналаар шагнуулахаар нэр бүхий 3 өмгөөлөгчийг нэр дэвшүүлэн холбогдох байгууллагад уламжлах эрхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч/Л.Данзанноров/-т олгож шийдвэрлэлээ.
Тав. “Салбар зөвлөлийн үйл ажиллагааны журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж, уг тогтоолыг 2024 оны 04 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоов.
Зургаа.Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, төрийн болон төрийн байгууллагын шагналд нэр дэвшигчийн мэдүүлэг, тодорхойлолтын загварыг баталж, уг тогтоолыг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоов.
Долоо. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Их хурлын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалт үйлдэх, баталгаажуулах журам”-ын төсөл, “Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам” болон төслүүдийг дахин нягтлан боловсруулж Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг тус тус ажлын хэсгүүдэд үүрэг болгон хойшлуулав.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛ 2024 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 24
No comment