МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны ээлжит хурал энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ;
Нэг.Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын сонгон шалгаруулалтыг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг, ”Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатараар ахлуулж, 8 гишүүнтэйгээр, “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Салбар зөвлөлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн М.Хатанзоригоор ахлуулж, 5 гишүүнтэйгээр, Шагналд нэр дэвшигчийн мэдүүлэг тодорхойлолтын загварын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригтоор ахлуулж, 5 гишүүнтэйгээр, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Их хурлын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалт үйлдэх, баталгаажуулах журам”-ын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн С.Цацралтуяагаар ахлуулж, 7 гишүүнтэйгээр байгууллаа.
Хоёр. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров зарим аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлж Өмгөөлөгч Д.Галтогтохыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дорнод аймаг дахь Өмгөөлөгчдийн Салбар зөвлөлийн даргаар, С.Алтайг Баян-Өлгий аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, С.Нургайыпыг салбар зөвлөлийн даргаар, В.Удвалыг Архангай аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, О.Батцэрэнг салбар зөвлөлийн даргаар тус тус томиллоо.
Гурав. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч М.Баасанбатыг өөрийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Дөрөв.Төрийн болон төрийн байгууллагын шагналаар нэр бүхий 5 өмгөөлөгчийг нэр дэвшүүлэн холбогдох байгууллагад уламжлах эрхийг Ерөнхийлөгч /Л.Данзанноров/-д олгож Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагналаар нэр бүхий 2 өмгөөлөгчийг шагнахаар шийдвэрлэлээ.
Тав.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Гантуяагийн Отгонсүрэнг өөрийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, Эрдэнэжавын Нарантуулыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томиллоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *