Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагууд болон ахмадын хорооноос XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан ахмад өмгөөлөгчдөө хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Ахмадын хорооны дарга Я.Нямжав нар үг хэлж, Удирдах зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Энхзаяа, Дэд ерөнхийлөгч М.Баасанбат нар оролцлоо.

Хүрэлцэн ирсэн ахмадууддаа зориулж Соёлын тэргүүний ажилтан Д.Үүрийнтуяа, И.Жавхаасайхан, Төв аймгийн Монгол туургатан чуулгын дуучин Э.Мөнгөнчимэг, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Д.Сайнтөмөр, Ц.Шинэбаяр, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын гоцлол дуучин Т.Отгонбаяр, хөтлөгч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч П.Нямлхагва нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэнээс гадна Уламжлалт анагаах ухааны Их эмч, сэтгэл судлаач Б.Батчимэг эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

Тус арга хэмжээнд Ерөнхийлөгч Л.Данзанноров 300,000 төгрөг, өмгөөлөгч Ц.Дэлгэрням  500,000 төгрөг, Т.Энхбаяр 500,000 төгрөг, Б.Бат-Ерөөлт 1,000,000 төгрөг, өмгөөлөгч Х.Баатарбилэг 1,000,000 төгрөгийн хандив өргөж хамтран ажиллажээ. Мөн энэ үеэр Эрүүгийн хэргээр дагнан ажиллаж байгаа зарим өмгөөлөгчдийн зүгээс арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, насаар хамгийн ахмад өмгөөлөгчид болох Сэрээтэрийн Цэдэндамба, Чойжавын Бүүтээ, Лувсангэндэнгийн Чулуунбаатар нарт гарын бэлэг гардууллаа.

Хууль зүйн салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хүчин зүтгэж, Өмгөөлөх байгууллагын хөгжил дэвшлийн төлөө залуу нас, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад өмгөөлөгч Та бүхэндээ Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, нийт гишүүн өмгөөлөгчдийн нэрийн өмнөөс эрүүл энх, урт удаан насалж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *