Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд “Хөгжил ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа үг хэлсэн бол Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор З.Сүхбаатар хурлыг удирдан чиглүүлсэн юм.
Хууль зүйн их, дээд сургуулийн 25 оюутнаас илтгэл ирүүлснээс 1 дүгээр шатны шалгаруулалтаар 6 оюутны илтгэл шалгарсныг эцсийн шатны шалгаруулалтад оруулсан. Эцсийн шатны шалгаруулалтын шүүгчээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор З.Сүхбаатар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн М.Баасанбат, Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Д.Мөнгөнцэцэг, Хяналтын зөвлөлийн дарга Б.Мэргэн, Мэргэшлийн хорооны дарга Г.Наранбаатар нар ажиллаа.
Шүүгчдийн шалгаруулалтын дүнгээр ТЭРГҮҮН байранд “Шүүхээр хамгаалуулах стратегийн өмгөөлөл ба захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж МУИС-ХЗС-ийн 5-р түвшний оюутан Е.Гулбану шалгарсанд өргөмжлөл, зөөврийн компьютер, номын багц, мөнгөн шагналыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров гардуулан өгсөн.
“Хууль зүйн туслалцаанд хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдвээр ДЭД байранд шалгарсан МУИС-ХЗС-ийн 2-р түвшний оюутан Н.Мөнхнаранд өргөмжлөл, номын багц, мөнгөн шагналыг, “Өмгөөлөгч нийтийн эрх ашгийг төлөөлөн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, үүнд холбогдох асуудал” сэдвээр ГУТГААР байранд МУИС-ХЗС-ийн 4-р түвшний оюутан Б.Дэлгэрмөрөн, ГУИС-ХЗС-ийн 4-р дамжааны оюутан Э.Болортунгалагт өргөмжлөл, номын багц, мөнгөн шагналыг, “Хөгжил ба мэргэшсэн өмгөөлөгч” сэдвээр ТУСГАЙ байранд Шихихутуг их сургуулийн 4-р дамжааны оюутан А.Бямбадалай шалгарсан бол Шихихутуг их сургуулийн 4-р дамжааны оюутан Г.Номинзулд номын багц болон гарын бэлгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн М.Баасанбат, Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Д.Мөнгөнцэцэг нар гардуулан өглөө.
Оюутны эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулж, ивээн тэтгэсэн “Монгол Өмгөөлөгч” ХХН, “Адвокат консалтинг” ХХН болон илтгэлийн уралдаанд оролцож илтгэлээ ирүүлсэн хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, удирдсан эрдэмтэн багш нар, мөн уг илтгэлийн уралдааныг оюун ухаанаа уралдуулан шүүсэн эрхэм шүүгч нартаа талархал илэрхийлье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
    

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *