МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН БОЛОВ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Шинэ жилийн нэгдсэн цэнгүүн, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “UG PALACE”-ын Их танхимд зохион байгуулагдлаа.
Тус цэнгүүнд Нийслэлийн болон Баянхонгор, Увс, Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн нийт 360 гаруй өмгөөлөгч оролцлоо.
Шинэ жилийн нэгдсэн цэнгүүнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд болох Д.Батсүх, Б.Ганбаатар, Б.Оюу-Эрдэнэ нараас гадна Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Монголын Нотариатчидын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал нар урилгаар оролцлоо.
Баярын цэнгүүний үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2024 оны өргөмжлөх шагнал, шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болж, 2024 оны “Эрүүгийн эрх зүйн салбарын шилдэг өмгөөлөгч”-өөр Ганболдын Тамир, “Иргэний эрх зүйн салбарын шилдэг өмгөөлөгчөөр” Цэнджавын Мөнхбат, “Захиргааны эрх зүйн салбарын шилдэг өмгөөлөгч”-өөр Батсүрэнгийн Халиун, “Шилдэг про боно өмгөөлөгч”-өөр Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ринзааны Булгамаа, “Шилдэг тамирчин өмгөөлөгч”-өөр Баяндоржийн Гүнтэвчимэг, “Шилдэг өмгөөллийн хуулийн этгээд”-ээр Өмгөөллийн “Хэрүга партнерс” ХХН, “Шилдэг салбар зөвлөл”-өөр Төв аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөл, “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шилдэг ажилтан”-аар нягтлан бодогч Ганчимэгийн Пүрэв нар тус тус шалгарч Өргөмжлөх шагналын эзэд болсон байна.
Шинэ жилийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хүний эрхийг хамгаалах үйлсэд түүчээлэн ажиллаж байгаа шилдэг өмгөөлөгчид, хамтран зүтгэгчид маань Засгийн газрын болон Өмгөөлөгчдийн Холбоо, Залуучуудын байгууллагын шагналаар шагнагдав.
Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Энхжавхлан, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Б.Солонго, Б.Батгэрэл, Э.Хашчулуун, Т.Мөнхтуяа, Б.Дашдорж нар, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Эрдэнэбилэг, Х.Чинбат нар тус тус шагнагдаж хүний эрхийн төлөөх хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүллээ.
Түүнчлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Н.Нармандах, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Тэргүүний өмгөөлөгч” шагналаар өмгөөлөгч М.Ванчигмаа, О.Цэрэнпунцаг, С.Должинсүрэн нар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Өмгөөлөгчийн алдар” шагналаар өмгөөлөгч Э.Дөлгөөн, А.Ануу, Г.Байгальмаа, Х.Баатарбилэг, У.Хүрэлсүх, Т.Дарьсүрэн, Н.Оролжмаа нар, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” тэмдгээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албаны мэргэжилтэн, ерөнхийлөгчийн туслах Г.Оролзодмаа тус тус шагнагдлаа.
Энэ үеэр азтан тодруулах сугалааг уламжлал ёсоор зохиож дөрвөн сая төгрөгний аялах эрхийн бичиг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны лого бүхий 01 дугаартай алтан зоос, Эрх зүйн бүтээл, нийтлэл, мэдээллийн “Легал дата” цахим сангийн Алтан, Мөнгөн багц, “Bright beauty Salon”-ны 300,000 төгрөгийн эрхийн бичиг, Уранган цогцолборын “Ган спорт центр”-т хагас жил фитнессээр хичээллэх эрхийн бичиг, “Мишээл” караокед 5 цаг үнэгүй дуулах эрхийн бичиг зэрэг шагналуудыг азтай, одтой өмгөөлөгчид маань хожлоо.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шинэ жилийн баярын цэнгүүнийг дуу хуур, хөгжөөн цэнгээнээр дүүрэн зохион байгуулахад идэвх санаачилгатай ажилласан Б.Мөнхбат ахлагчтай ажлын хэсгийн бүх гишүүддээ болон азын сугалаа болон хөгжөөнт тогтлоомын ялагчийн шагналыг ивээн тэтггэсэн өмгөөлөгчиддөө, түүнчлэн шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагааг дэмжсэн хандивлагчиддаа гүн талархал илэрхийлье.
Өмгөөлөгчид Та бүхэндээ ирж буй 2025 ондоо амжилт бүтээлээр өрнүүн байж, хүний эрх, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсдээ өндөр амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment