МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН IV УЛИРЛЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн IV улирлын ээлжит  хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 00 минутад Холбооны хурлын танхимд зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нэг. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагнал, төрийн болон төрийн байгууллагын шагналаар шагнуулахаар өмгөөллийн байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтцийн нэгж, салбар зөвлөлийнхөө үйл ажиллагаанд  идэвхи зүтгэл гаргаж ажилласныг үнэлж 1 өмгөөлөгчийг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулахаар эрх бүхий этгээдэд уламжлах, 5 өмгөөлөгчийг “Тэргүүний өмгөөлөгч”, 9 өмгөөлөгчийг “Өмгөөлөгчийн алдар”, 1 өмгөөлөгчийг “Хүндэт тэмдэг”  шагналаар шагнах эрхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид олгож шийдвэрлэлээ.

Хоёр. Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга С.Хишигжаргалыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны прокурорын төлөөлөл гишүүнээр батламжлав.  

Гурав. Удирдах зөвлөлийг төлөөлөх “Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комисс”-ын бүрэлдэхүүнд Удирдах зөвлөлийн гишүүн М.Баасанбат /Хүний эрх, эрх зүйн шинэтгэлийн дэд хороо/, Б.Энх-Эрдэнэ /Гишүүнчлэлийн дэд хороо/, Б.Чулуунгэрэл /Төсөв, санхүүгийн дэд хороо/, О.Санчирбал /Бодлого, хөгжлийн дэд хороо/ нарыг санал болгохыг Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяад даалгаж шийдвэрлэлээ.

Дөрөв.  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор баталсан “Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах” журамд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Уг тогтоолоор оруулсан нэмэлт өөрчлөлт нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

Тав. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Мэргэшлийн хорооны ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Зургаа. 2024 оны  “Өмгөөлөгчийн шалгалт”-ын төсвийг хэлэлцэн баталж, уг төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх, нягтлан бодогч Г.Пүрэв нарт даалгалаа.

Долоо. Говьсүмбэр аймаг дахь салбарын эзэмшил газрын асуудлаарх эрхийг Өмгөөллийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.2-т заасны дагуу  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчид шилжүүлж, тус зөвлөлийн үйл ажиллагаа явуулах байртай болгох ажлыг зохион байгуулахыг даалгав.  

Найм. “Өмгөөллийн үйл ажиллагааны талаарх зар сурталчилгаанд тавих нэмэлт шаардлага ”-ын төсөл боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн ахлуулан 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Ес. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байрны маргаан, түүнийг шүүхээс шийдвэрлэсэн байдлын талаар танилцаад Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг бичгээр гарсны дараа Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдон ажиллаж байсан хүмүүс, Удирдах Зөвлөлийн гишүүд, Монгол даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монголын Өмгөөлөгчдийн Холбоог төлөөлж оролцсон гишүүдийн хүрээнд зөвлөлдөн, цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн шийдвэр гаргаж, нийт өмгөөлөгчдөд мэдээлэл хүргэхээр тогтов.

Арав. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өмгөөлөгчдөд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журмын талаар танилцуулж санал авахаар шийдвэрлэв.

 

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *