Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос “Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа, өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр УЕПГ-ын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров үг хэлж, Өмгөөллийн үйл ажиллагааны баталгааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Энхбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Б.Дашдорж, М.Хандармаа, Ө.Эрдэнэ-Очир болон 60 гаруй өмгөөлөгч оролцов.
Хэлэлцүүлэгт “Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа, өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээний танилцуулга” сэдвээр ажлын хэсгийн ахлагч, өмгөөлөгч З.Сүхбаатар /Ph.D/, “Хууль зүйн мэргэжлийн баталгаа, тэдгээрийн онцлог” сэдвээр ажлын хэсгийн гишүүн, өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, “Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа, тулгамдсан асуудал” сэдвээр ажлын хэсгийн гишүүн, өмгөөлөгч Э.Түмэнбаяр нар илтгэл хэлэлцүүллээ.
Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа болон хүний эрхийг хангах, өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замын талаар нээлттэй санал солилцлоо.
Өмгөөлөгчид үйл ажиллагааны баталгааны асуудлыг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, үр дүнтэй ажил болж байгааг онцолж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах цаг хугацаа хангалтгүй, өмгөөлөгчдийн эрхийг нь хязгаарлах явдал цөөнгүй гарч байгаа талаар болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаатай нь холбогдуулан шахалт дарамт үзүүлэх, үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах, хэргийн материал хуулбарлан авах, шүүхэд эрх тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарлах, өөрийг нь болон зарим гэр бүлийн гишүүдийг нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах зэрэг зохисгүй байдал гарч байгааг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлүүлэх боломжтой талаар байр сууриа илэрхийллээ.
Өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн төслүүдэд тухай бүр Холбоогоороо уламжлан санал өгөх, сургалт хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцох нь чухал болохыг, мөн хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгчдөөс үйл ажиллагааны баталгааг хангахтай холбоотой гаргасан саналуудыг нэгтгэж холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад анхаарч ажиллах, өмгөөлөгчдийн нийтлэг эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах болно гэдгээ Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч хэлэлцүүлгийг дүгнэж хэлсэн үгэндээ онцоллоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
No comment