Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд Өмгөөлөгчдийн Холбооны дэд Ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн, Баянхонгор аймгийн хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Тагнуулын газрын дарга Т.Мэндбаяр, Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Д.Батзаяа, Баянхонгор аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга П.Өлзийбаяр нар оролцов.
Санамж бичгийн хүрээнд талууд иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, орон нутгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийг дэмжин хамтран ажиллах, аймгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийг байртай болгох асуудлыг шийдвэрлэхээр тохиролцлоо.
Мөн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудаар аймгийн шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөллүүдтэй уулзаж шүүхийн байранд хэргийн материалтай танилцах өрөөгөөр өмгөөлөгчдийг хангах, цагдан хоригдсон хүний ар гэрт эргэлт уулзалтын зөвшөөрлийг шүүхээс олгох давтамжийг нэмэгдүүлэх, цагдан хорих түр саатуулах байран дахь уулзалтын өрөөг стандарт шаардлагад нийцүүлэх асуудлаар санал солилцлоо.
Цагдан хоригдож, ял эдэлж буй хүмүүст оруулах илгээмжийг заавал “Монгол шуудан” ХХК-р дамжуулан хамгийн багадаа 5.000 төгрөг төлж оруулдаг байсныг өөрчлүүлж, ямар нэг дамжлагагүй, төлбөргүй оруулах асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
No comment