Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монгол Улсын Дээд шүүх, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Сэтгэл санааны хохирогчдын холбоотой хамтран хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, нөхөн төлбөр болон дүгнэлт гаргах тухай эрх зүйн баримт бичгүүдийг танилцуулах чөлөөт уулзалт, ярилцлагыг 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд зохион байгууллаа.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын талаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч танилцуулсан бол, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын танилцуулга, хэрэгжүүлэх үйл явц сэдвээр Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн тасгийн сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч З.Амар-Амгалан, “Шүүх шинжилгээний байгууллагын хөгжлийн чиг хандлага сэдвээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын эрдэм шинжилгээ, сургалт хөгжүүлэлтийн төвийн дарга, цагдаагийн хошууч М.Түмэннаст нар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн юм.
Уулзалт, ярилцлагад оролцсон өмгөөлөгчид илтгэгчдээс асуулт асууж, санал бодлоо хуваалцан идэвхтэй оролцсон ба уг арга хэмжээ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, нөхөн төлбөрийн талаарх тулгамдсан асуудлуудын гарц шийдлийг эрэлхийлсэн, цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой боллоо.
Арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллагууддаа болон уулзалт ярилцлагад оролцсон, асуулт асууж санал бодлоо хуваалцсан өмгөөлөгчдөдөө талархал илэрхийлье.
No comment