МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны ээлжит хурал энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ;
Нэг.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа.
Хоёр.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяагаар ахлуулж, 11 гишүүнтэй байгууллаа.
Гурав.Төрийн болон төрийн байгууллагын шагналаар Э.Мөнх-Эрдэнэ өмгөөлөгчийг нэр дэвшүүлэн холбогдох байгууллагад уламжлах эрхийг Ерөнхийлөгч /Л.Данзанноров/-д олголоо.
Дөрөв. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн Төсөв, санхүүгийн дэд хорооны гишүүнээр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батзаяаг батламжиллаа.
Тав. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон 2024 оны төсвийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн, Хүний эрх, эрх зүйн шинэтгэлийн дэд хорооны дарга З.Сүхбаатараар ахлуулж, 9 гишүүнтэйгээр байгууллаа.
Зургаа.Мэргэшсэн өмгөөлөгчийг бүртгэх журам болон мэргэших чиглэлийн жагсаалтын төслийг боловсруулж, Удирдах зөвлөлийн 2024 оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хүний эрх, эрх зүйн шинэтгэлийн дэд хороо /З.Сүхбаатар/-нд даалгалаа.
Долоо.”Өмгөөлөгчийн туслахын үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт хийх, шаардлагатай тохиолдолд журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулж, Удирдах зөвлөлийн 1 дүгээр улирлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг Гишүүнчлэлийн дэд хороо /Б.Энх-Эрдэнэ/-нд даалгалаа.
Найм.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алтанцэцэгийн Оюун-Эрдэнийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, Гантуяагийн Отгонсүрэнг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томиллоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛ