Өмгөөлөгчдийн байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал
1924 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тухайн үед төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд нөлөө бүхий оролцоотой байсан Монгол Ардын Хувьсгалт Намын гуравдугаар Их хурлын 15 дугаар хуралдаанаар “Хуулийн байгууллагын ажлын тухай” авч хэлэлцэх явцад хүний эрхийн зөрчлийн талаар шүүмжлэлттэй хандаж, “Ардын төлөөлөгч хийгээд ӨМГӨӨЛӨГЧ-тэй болох хэрэгтэй” гэсэн үг төлөөлөгчдийн анхааралд сонин содон хүрч, улмаар Их хурлаас гарсан шийдвэрт зохих хэмжээгээр тусгагдаж байжээ.
Дээрх шийдвэрийн нөлөөгөөр шүүн таслах үйл ажиллагааг ардын эрхт ёсонд нийцүүлэн явуулахад хүний эрхийг тууштай хамгаалах үүрэг бүхий “Өмгөөлөгч”-ийг ороолцуулах эхлэлийг тавьж, амьдрал дээр хэрэгжүүлж эхэлсэн байна.
Ийнхүү Монгол Улсад шүүн таслах ажиллагаанд хүний эрхийг хамгаалах үүрэг бүхий “Өмгөөлөгч”-ийг оролцуулж байсан нь тус улсын өмгөөллийн үйл ажиллагааны үүсэл хөгжлийн эхлэл болсон.
Өмгөөлөгчдийн байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замналтай холбоотой олон чухал онцлох үйл явдлууд болж байсан.
Түүхэн баримтаас үзвэл 1924 оны 9 дүгээр сарыг хүртэл таслан шийдвэрлэсэн эрүүгийн 21 хэргийн 11-д нь яллагч оролцож, түүний зэрэгцээ Намсрай, Сэржхүү, Жамсран, Санжмятав, Цэвэгжав зэрэг хүмүүс шүүх хуралд “Өмгөөлөгч”-өөр оролцож байсан нь тэмдэглэгдэн үлджээ.
Мөн 1926 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагт Нийслэл хүрээний хятад шийний газрын байранд Монгол цэргийн эсрэг байлдаж явсан Бароны цэргийн дарга Санжаа-Галдановын хэргийг таслан шийдвэрлэхэд өмгөөлөгчийг оролцуулсан түүхийн баримт бий.
1937 оны 10 дугаар сарын 4-7-нд Улсын төв театр буюу Бөмбөгөр ногоонд Ёндон хамба Лувсанхаймчиг нарын 23 ламын хэргийг олны өмнө нээлттэйгээр таслан шийдвэрлэх шүүх хурлын ажиллагаанд өмгөөлөгчөөр Эрэндаваа, Самбуу нар оролцож байжээ.
1926 онд “Монгол улсын шүүн таслах газруудад аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хууль” батлагдан гарч, уг хуулийн 65 дугаар зүйлд “…Аливаа хэрэг байцаан шийтгэхэд яллагчийг оролцуулахаар тогтоож, хэрэгтэн хүмүүс хүсвэл төлөөнөө заалдагч хүнийг шүүх таслах газраас томилох буюу хэрэгтэн хүний хөлсөөр урьж ирүүлэн суулгаваас зохино…” гэсэн нь Монгол Улсад иргэний өмгөөллүүлэх эрхийг хуульчилсан анхны баримт бичиг болсон байна.
- Шүүх таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм
- БНМАУ-ын Өмгөөлөгчдийн дүрэм
- Өмгөөлөгч нараас ард олон, албан хийгээд олон нийт, түүнчлэн үйлдвэрийн газруудад үзүүлэх хууль цаазын тусламжийн хөлсний журмын тухай заавар
- БНМАУ-ын өмгөөлөх байгууллагын дүрэм
- Өмгөөлөгч нараас БНМАУ-ын ард иргэд ба албан, үйлдвэрийн газар, байгууллагуудад хууль цаазны туслалцаа үзүүлсний хөлсийг олгох журмын тухай заавар
- БНМАУ-ын өмгөөлөх байгууллагын дүрэм
- Улс, олон нийт, хоршооллын байгууллага, ард иргэдэд хууль цаазны зөвлөгөө үзүүлсний хөлсийг өмгөөлөх байгууллагад төлөх журмын тухай заавар
- Монголын өмгөөлөгчдийн коллегийн дүрэм
- Монголын өмгөөлөх байгууллагын тухай БНМАУ-ын хууль
- Өмгөөллийн тухай хууль
- Шинэчлэн батлагдсан Өмгөөллийн тухай хууль
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль
- Монголын Өмөөлөгчдийн Холбоо ТББ-ын дүрэм
Шүүх яам болон Улсын дээд шүүх таслах газраас “ Шүүх таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм ” хэмээх 5 бүлэг, 28 зүйлтэй эрх зүйн актыг боловсруулан 1928 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын хуралдаанаар уг дүрмийг хэлэлцэн 15 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд зөвшөөрсөн улмаар Улсын бага хуралд өргөн мэдүүлснээр тэр даруйдаа Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 70 дугаар хурлын тогтоолын 1 дүгээр зүйлд батлагджээ.
Олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрмээр Өмгөөлөгчдийн байгууллагын хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлохдоо:
- Олон ардын дотроос аливаа эрүүгийн ба иргэний хэрэг заргын зүйлд тохиолдсон этгээд хэрхэн хаана очвоос зохих ямар янзын хэрэг болох, хэрхвээс тусыг олох, бас учир утгыг тайлбарлаж зөвлөх (Зөвлөгөө)-ийг
- Аливаа засаг захиргааны газар буюу шүүх таслах газруудад мэдүүлэх өргөдөл, бичиг, хуудас зэргийг хүссэн ёсоор бичиж өгөх
- Ямарваа нэгэн хүн хэгийн учир шүүх таслах газраар заалдах тухайд төлөөнөө заалдах өмгөөлөгчийг хэрэглэх аваас тус бүлэгмээс тусгай хүнийг томилон явуулж туслах
- Аливаа худалдаа наймааны буюу ард олны хоорондоо харилцан тогтоох гэрээ бичиг зэргийг зохион бичиж өгөх
- Мөн Орос, Хятад зэрэг гадаад улсын харъяат нарын аливаа газруудад мэдүүлэх өргөдөл, хуудас зэргийг монгол хэл бичигт орчуулж өгөх
- Тус улсын засгийн газраас нийтэлж бүхий цааз хууль ба заавар дүрмүүдийн утга чанарыг ард олонд тайлбарлан таниулах явдлыг дашрамд хичээвээс зохимой” гэжээ.
Олон ардад тусламж үзүүлэх бүлгэм нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах бөгөөд орон нутагт салбартай, тамга тэмдэгтэй, дарга орлогч, нарийн бичгийн даргатай байх, мөн гишүүн элсүүлж, чөлөөлөх, орлогоороо санхүүжих зэргээр үйл ажиллагаа явуулж байхаар заажээ.
Ийнхүү Монголын өмгөөлөгчдийн байгууллага нь “Олон ардад тусламж үзүүлэх бүлгэм”-ээс гал голомтоо бадраасан түүхтэй.
Шүүхэд хэргийг хэлэлцэхдээ хэрэгтний хүссэн ёсоор өмгөөлөгчийг оролцуулах ба томилж байхаар 1935 оны эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нь өмгөөлөгчдийн байгууллагыг бие даасан алба буюу өмгөөлөгчдийн байгууллагыг жинхэнэ ёсоор байгуулж, мэргэшсэн өмгөөлөгчдөөр бэхжүүлэх шаардлага бий болгожээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 1944 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэн 5 дугаар тогтоолоороо Шүүх яамны дэргэд, түүний орон тоонд Өмгөөлөгчдийн коллегийг байгуулж, яамны хэлтсийн зэрэг дэвтэй байхаар тогтоосон байна.
Сайд нарын зөвлөлийн уг тогтоолоор батлагдсан “ БНМАУ-ын Өмгөөлөгчдийн дүрэм ”-ээр өмгөөлөгчид нь иргэд, албан байгууллагад хууль зүйн зөвлөгөө, тайлбар өгөх, тэдний гуйлт хүсэлтээр өргөдөл, гомдлын болон бусад бичиг баримтын эх зохиож өгөх, ялтан, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөнөө өмгөөлөл хийх зэрэг гол үүргийг гүйцэтгэхээр тодорхойлжээ.
Өмгөөлөгчдийн коллеги нь хуулийн этгээдийн эрхтэй байх бөгөөд Шүүх яамны сайдын баталсан гишүүдээс бүрдэхээр заасан байна.
Өмгөөлөгчдийн коллегийн гишүүд нь Сайд нарын зөвлөлөөс баталсан “ Өмгөөлөгч нараас ард олон, албан хийгээд олон нийт, түүнчлэн үйлдвэрийн газруудад үзүүлэх хууль цаазын тусламжийн хөлсний журмын тухай заавар ”-ын дагуу иргэд байгууллагад үзүүлсэн эрх зүйн тусламжийн хөлсийг хураан авч улсын орлогод тушааж, улсаас цалин авдаг байжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1952 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 253 дугаар тогтоолоор “ БНМАУ-ын өмгөөлөх байгууллагын дүрэм ”-ийг шинээр батлан мөрдүүлжээ.
Энэ өөрчлөлтөөр Өмгөөлөгчдийн коллегийг Шүүх яам ерөнхийд нь арга зүйн удирдлагаар хангах боловч, Өмгөөлөгчдийн коллегид гишүүн элсүүлэх, сахилгын арга хэмжээ авах асуудлыг бүх гишүүдийн хурлаас сонгогдсон тэргүүлэгчдээс шийдвэрлэж байх, өөрийн бүх асуудлыг жил тутамд хуралдах бүх гишүүдийн хурлаараа шийдвэрлэж байх зэрэг эрхийг олгосон байжээ.
Дүрэмд “Өмгөөлөгчдийн байгууллага бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хүмүүсийн сайн дурын нэгдэл мөн” гэж тодорхойлсон нь олон нийтийн байгууллага болон хөгжих үндэс суурь болжээ.
БНМАУ-ын Өмгөөлөгчдийн байгууллагын шинэ дүрмийн утга агуулга нь Өмгөөлөгчдийн коллегийг Шүүх яамны бүрэлдэхүүнээс тусгаарлан харьцангуй бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулахад чиглэсэн байсан тул 1953 оноос шинэ зохион байгуулалтад шилжсэн байна.
Сайд нарын Зөвлөлийн дээрх тогтоолд заасныг үндэслэн “ Өмгөөлөгч нараас БНМАУ-ын ард иргэд ба албан, үйлдвэрийн газар, байгууллагуудад хууль цаазны туслалцаа үзүүлсний хөлсийг олгох журмын тухай заавар ”-ыг Сайд нарын зөвлөлийн 1953 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаар тогтоолоор баталжээ. Дүрмийн дагуу Өмгөөлөгчдийн бүх гишүүдийн анхдугаар хурлыг 1954 оны 3 дугаар сарын 29-нд хийж даргаар нь Давагчойсодын Сүрэнжавыг баталж байжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 243 дугаар тогтоолоор “ БНМАУ-ын өмгөөлөх байгууллагын дүрэм ” болон “ Улс, олон нийт, хоршооллын байгууллага, ард иргэдэд хууль цаазны зөвлөгөө үзүүлсний хөлсийг өмгөөлөх байгууллагад төлөх журмын тухай заавар ”-ыг тус тус шинээр баталсан байна.
Шинээр батлагдсан дүрэм нь Шүүхийн зохион байгуулалтын тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд батлагдсан бөгөөд дүрмээр Өмгөөлөх байгууллага нь өмгөөлөх үйл ажиллагаа эрхэлдэг, хууль цаазны мэргэжилтэн болон бусад хүмүүсийн сайн дурын гишүүнчлэлтэй олон нийтийн байгууллага болохыг баталгаажуулсан байна.
Өмгөөлөх байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, түүнд хяналт тавих ажлыг БНМАУ-ын өмгөөлөх коллеги гүйцэтгэж, өмгөөлөх байгууллагын үйл ажиллагаанд Улсын дээд шүүх хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр уг дүрэмд заасан байжээ.
Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 1978 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар зарлигаар “ Монголын өмгөөлөгчдийн коллегийн дүрэм ”-ийг батлан гаргажээ.
Уг дүрэмд зааснаар Монголын өмгөөлөгчдийн коллеги нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн, хууль зүйн мэргэжлийн хүмүүсийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан олон нийтийн байгууллага байхаар заасан боловч тус байгууллагын үйл ажиллагааг БНМАУ-ын шүүх яам нэгтгэн удирдаж үйл ажиллагаанд хяналт тавьж байхаар заасан байна.
Монголын Өмгөөлөгчдийн байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу зохион байгуулагдах учиртай тул түүний үйл ажиллагааг хуулиар зохицуулах ёстой гэж үзээд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчид 1986 оны 6 дугаар сарын 23-нд 127 тоот зарлиг гарган “ Монголын өмгөөлөх байгууллагын тухай БНМАУ-ын хууль ”-ийг хэмээх өмгөөлөгчдийн байгууллагын анхны хуулийг батлан гаргасан.
Олон нийтийн байгууллагын хувьд тус байгууллагын эрх барих дээд байгууллагыг өмгөөлөгчдийн төлөөллөөс бүрдсэн бага хурал байхаар, өдөр тутмын үйл ажиллагааг тэргүүлэгчид явуулж байхаар хуульчилсан нь өмнөх дүрмүүдээс онцлог болсон байна.
Урьд нь Өмгөөлөгчдийн байгууллага /коллеги/-ын үйл ажиллагаанд Шүүх яам шууд оролцож, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг байсан бол энэ хуулиар Шүүх яам өмгөөлөгчдийн коллеги хууль тогтоомжийг хэрхэн сахин биелүүлж байгаад нь л хяналт тавьж, байгууллагын үйл ажиллагаанд заавар, зөвлөмж өгөх хэлбэрээр оролцохыг хуульчилсан нь тус байгууллагын бие даасан байдлыг хангахад гарсан дэвшил гэж үзэж болох юм.
1990 онд гарсан ардчилсан хувьсгалын үр дүнд Улс оронд өрнөсөн их өөрчлөлтийн хүрээнд батлагдан гарсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд тулгуурласан иргэний, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилгод үндэслэсэн байна.
Шинэ Үндсэн хуулиар хүний эрхийг баталгаажуулсан олон заалт орсон бөгөөд тэдгээр заалтыг амьдралд хэрэгжүүлэх баталгааны нэг Үндсэн хэсэг болсон иргэний өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хэрэгжүүлэгч өмгөөлөгч, түүний үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бий болгох асуудал байсан.
Улс орны нийгмийн хөгжлийн үйл явцтай уялдан хөгжсөөр ирсэн өмгөөллийн үйл ажиллагаа ч ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэн өөрчлөгдөх шаардлага үүссэнээр “ Өмгөөллийн тухай хууль ”-ийг 1994 оны 12 дугаар сарын 9-нд батлагдан гарсан.
Өмгөөллийн тухай энэ хуулийн зорилт нь өмнөх хуулиудаас нэлээд ялгаатай бөгөөд энэ хууль нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нийгмийн шударга ёсыг төлөвшүүлэхэд чиглэсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалт, өмгөөлөгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгджээ.
1928 оноос 1994 оны Өмгөөллийн тухай хуулийг хүртэл Өмгөөлөгчдийн байгууллага нь “Олон ардад тусламж үзүүлэх бүлгэм”, “БНМАУ-ын Өмгөөлөх коллеги”, “Монголын өмгөөлөгчдийн коллеги” хэмээн нэрлэгдэж ирсэн бөгөөд бүтэц бүрэлдэхүүний хувьд ч, үйл ажиллагааны цар хүрээгээр ч өргөжин хөгжиж ирснийг үндэслэн шинэ хуулиар Монголын Өмгөөлөгчдийн холбоо болгож, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг зорьж, зохих сорилтыг давсан хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн ашгийн төлөө бус байгууллага байхаар тогтоожээ.
Энэ хуулиар өмгөөлөгчид нэгдэн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бие даан эрхлэх боломжийг бүрдүүлсэн нь өмгөөллийн үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж чадсан. Ингэснээр анхны хувийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдүүд бий болж “Түшиг”, “Эрх”, “Цэц”, “Хэлцэл” зэрэг олон хууль зүйн товчоодууд үүсгэн байгуулагдаж, өнөө ч үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар байна.
2002 онд Монгол улсад явагдсан хууль тогтоомжийн өөрчлөлтийн хүрээнд шинэчлэгдэн батлагдсан олон хуулиудын дотор “Өмгөөллийн тухай хууль ” хамрагдсан нь 2002 оны 05 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн.
Өмгөөллийн тухай дээр дурьдсан хоёр хуулийн зохицуулалтаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хасах, хүчингүй болгох болон мэргэжлийн хорооны гишүүдийг томилох зэрэг эрхийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эдэлж байсан.
Харин уг хуулиар Өмгөөлөгчдийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох, зааж, зөвлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих зэргээр Төрөөс тус байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрх хэмжээг олгоогүй нь Өмгөөлөгчдийн байгууллага, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны бие даасан байдлыг баталгаажуулсан чухал ач холбогдолтой болж чадсан.
Өнөөдөр уг хуулийн хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 1200 гаруй өмгөөлөгч аймаг, нийслэлийн 24 салбарт харьяалагдан үйл ажиллагаа явуулж байна.
Шүүн таслах үйл ажиллагаанд оролцож байгаа 2400 гаруй хуульчдын 61 хувийг эзэлж байгаа нь шүүн таслах үйл ажиллагааны төдийгүй өнөөдөр өрнөж буй эрх зүйн шинэчлэлд оруулах хувь нэмэр, оролцоо нэн чухал болохыг харуулж байна.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Улсын Их хурлаас батлагдан гарсан Шүүхийн тухай багц хуулиудыг дагалдан “ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль ”-ийг 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлан гаргасан нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.
Уг хууль батлагдан гарч байгаатай холбогдон Өмгөөллийн тухай Монгол Улсын хууль мөн өдрөөс эхлэн хүчингүй болсон.
Хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс тус холбооны Ээлжит бус Их хурлыг 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зарлан хуралдуулж, Холбооны үүсгэн байгуулах баримт бичиг болох дүрмээ шинээр мөрдөгдөж эхлэх хууль тогтоомжуудад нийцүүлэн өөрчлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Ээлжит бус Их хурлаар хэлэлцэн баталсан “ Монголын Өмөөлөгчдийн Холбоо ТББ-ын дүрэм ”-д зааснаар тус Холбоо нь өмгөөлөгчид /шүүхэд төлөөлөх эрх нээлгэсэн хуульчид/-ийг эгнээндээ нэгтгэж тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, өөрийн гишүүдээр дамжуулан Монгол Улсын хэмжээнд хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүний эрх зөрчсөн аливаа хэлбэр үйл ажиллагаа, үйлдлийн эсрэг тууштай тэмцэх, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах зорилго бүхий гишүүнчлэлтэй, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болон өөрчлөн байгуулагдсан.