Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/218, 10 дугаар сарын 03-ны өдрийн А/227 тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн 19 өмгөөлөгчдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны сургалтын танхимд зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн мэргэжилтэн Б.Баттуул удирдан чиглүүлж явуулсан бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч М.Баасанбат нар оролцож, шинэ өмгөөлөгчдөд баяр хүргэн амжилт хүслээ.
Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульч шалгалтын нэгдсэн дүнг мэдээлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах тухай хүсэлтийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /цаашид “Өмгөөлөгчдийн Холбоо” гэх/-нд гаргана.” гэж заасны дагуу 2022 оны Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульчдын гишүүнээр элсэх хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд материалаа бүрдүүлж өгсөн, шаардлага хангасан хуульчдыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэн гишүүнээр элсүүлж, гуравдугаар ээлжийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ, үнэмлэхийг олгосоор байна.
Шинээр гишүүнээр элссэн нийт өмгөөлөгч нартаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.