Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/172, 08 дугаар сарын 04-ний өдрийн А/187, 08 дугаар сарын 12-ны өдрийн А/190, 08 дугаар сарын 25-ны А/196 тушаалаар тус холбооны гишүүнээр элсүүлсэн 67 өмгөөлөгчдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Жадамба удирдан чиглүүлж явуулсан бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, Ж.Батзоригт, З.Хүрэлсүх, С.Цацралтуяа, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч М.Баасанбат нар зочноор оролцож, шинэ өмгөөлөгчдөд баяр хүргэн амжилт хүслээ.
Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульч шалгалтын нэгдсэн дүнг мэдээлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах тухай хүсэлтийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /цаашид “Өмгөөлөгчдийн Холбоо” гэх/-нд гаргана.” гэж заасан. Үүний дагуу 2022 оны Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульчдын гишүүнээр элсэх хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд материалаа бүрдүүлж өгсөн, шаардлага хангасан хуульчдыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэн гишүүнээр элсүүлж, хоёрдугаар ээлжийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг олгосоор байгаа билээ.
Шинээр гишүүнээр элссэн нийт өмгөөлөгч нартаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.