Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Хямралын үеийн эрх зүй ба хөгжил“ олон улсын эрдэм шинжилгээний хурал 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд болж өндөрлөлөө.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах нээж үг хэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк, МУИС-ийн ХЗС-ийн захирал, Проф.Др Б.Амарсанаа нар тус тус мэндчилгээ дэвшүүлэв.
Уг хуралд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбат, З.Сүхбаатар нар оролцов.
Хурлаар хууль зүйн ухааны доктор, профессор, эрдэмтэн, судлаачдын “Хуулийн амин сүнсийн хувьсгал, Чингис хаан ба Монтескье”, “Монгол Улс дахь хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Шинэтгэлийн бодлого”, “Эрх зүй ба хөгжил: Цаашдын чиг хандлага”, “Нутаг дэвсгэрийн нэгжийн хууль ба бусад хууль: Харилцан хамаарал”, “Эрүүгийн процесс: Уламжлал, шинэчлэл”, “Газрын эрх зүйгээр “Дутуу ашиглалт”-ыг хэрхэн зохицуулах вэ? Япон Улсын жишээ”, “Англо-Америкийн компанийн зорилгын талаарх “Нээлт”-ийг хөрсөн дээр буулгах нь: Ази тивийн жишээн дээр”, “Иргэний хуулийн уламжлал ба цаг үеийн шаардлага”, “Улс орны хөгжилд хөдөлмөрийн тухай хуулийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох нь”, “Нийгмийн хямрал ба хууль тогтоомжийн хөгжил: БНСУ-ын туршлага” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.




