Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн тогтоолоор Өмгөөлөгчдийн давхар татварын асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх ажлын хэсгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Баасанжав, Г.Батзаяа, С.Цацралтуяа, З.Хүрэлсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын 5 дугаар зүйлд “Өмгөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, Монголын Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг уялдуулах, чиг үүргийг оновчтой хуваарилах, өмгөөлөгч давхар гишүүнчлэлийн татвар, хураамж төлдөггүй байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлнэ” гэж заасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
Ажлын хэсэг хуралдаж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчид Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар төлөлтийн асуудлыг яаралтай шийдвэрлэх арга зам, өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалахаар Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсэг, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, МХХ-ны Зөвлөлийн гишүүдэд, МХХ-ны Тамгын газрын дарга, МХХ-ны Өмгөөлөгчдийн хороо зэрэг холбогдох байгууллагуудад албан хүсэлтийг хүргүүлж, уулзалтуудыг товлон дээрх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлүүлэхээр болов.