Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Т.Ихтамир, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Золзаяа нар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөл буюу Бодлогод суурилсан, Европын холбооны орнууд болон түнш улсуудын төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны мэргэжилтэн, зөвлөх Эммануэл Вэрн, Э.Сондор, Б.Баянтуул нарыг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Европын Холбооны Төлөөлөгчийн газар нь 2021-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн салбарын шинэчлэлтэй холбоотой, 2024 оноос хэрэгжүүлэх төслийг боловруулах ажлын хүрээнд гадаад зөвлөхүүд нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөлтэй хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар харилцан санал солилцож, зөвлөлдөх уулзалтыг хийв.
Тус төслийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын хууль зүйн салбар дахь өнөөгийн нөхцөл байдлыг судлах, энэ салбарт хэрэгжиж буй санаачилга, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, мөн хэрэгжүүлэх гэж буй нь төсөл нь шүүхийн шинэчлэл, сайн засаглалыг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан сайжруулахад хэрхэн хувь нэмэр оруулах тухайд зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулагдаж байна.
Төслийн хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбооны зүгээс хэрхэн оролцож, цаашид төслийн хэрэгжилтэнд хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов. Улмаар тус төсөлд өмгөөллийн үйл ажиллагаа болон иргэд, хуулийн этгээдүүдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр оролцож, хамтран ажиллах боломжтойг онцлов.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

