Мэдээ мэдээлэл

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байна

Мэндчилгээ

  Монгол эх орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн нийт хуульч, өмгөөлөгчид, үе үеийн ахмад өмгөөлөгчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага, үйлчлүүлэгчдэд айлчлан ирж буй Шинэ оны мэндийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин зүрхний халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2018 онд Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг нийт гишүүд, хамтран ажилладаг байгууллага, үйлчлүүлэгч нартайгаа нэгэн түүхийн хуудсыг бичилцэж, Өмгөөлөгчдийн байгууллагын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, хүний эрхийг хангах, шударга ёсыг тогтоох нэр хүндтэй, хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлснийг төр засгаас өндрөөр үнэлж, Монголын Өмгөөлөгчдийн Холбоог төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг онцлон тэмдэглэж байна.

Аливаа байгууллагыг төрийн дээд одон медалиар шагнаж байгаа нь нэг талдаа хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж байгаа боловч нөгөө талдаа үүрэг хариуцлагыг нэхэж буй хэрэг гэж үзэж байна. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн бүр Шүүх засаглалыг хэрэгжүүлэх үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулж, иргэд, олон нийтэд хууль зүйн туслалцааг цаг алдалгүй үзүүлж, хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд гар бие оролцож яваа хуульчид билээ.

Айлчлан ирж буй 2019 он Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын гишүүдийн хувьд түүхэн хариуцлагатай, онцгой жил байх болно. Монгол улсын Засгийн газраас 2018 онд “Өмгөөллийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барьсан нь  Өмгөөллийн байгууллагын өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалт, өмгөөлөгчийн эрх, үүрэг, мэргэжлийн хариуцлагыг хуулиар нарийвчлан зохицуулснаар өмгөөлөгчид хараат бусаар, бие даан ажиллах эрх зүйн таатай орчин бүрдэх учиртай.

Өмгөөлөгч нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгмийн энэ цаг үед ч Хүний эрхийн манаанд тууштай зогсож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны харилцан хяналтад зохих байр сууриа эзэлж, үлгэрлэн манлайлж  ажиллана гэдэгт Монголын Өмгөөлөгчдийн Холбоо итгэж байна.

Шинэ ондоо ажил хөдөлмөр нь үргэлж өөдөө тэмүүлж, амжилт бүтээлээр дүүрэн байж, эрүүл энх, саруул сайхан байхыг ерөөе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар

 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр.

 

 

 

 

2018-12-30
буцах