Мэдээ мэдээлэл

“Хуульчийн ёс зүй ба хариуцлага” хэлэлцүүлэг болов

2018.04.11. Шүүхийн ёс зүйн хороо, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хамтран “Хуульчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг ХЗҮХүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр судалгааны багийн ахлагч, “Билиг” дээд сургуулийн захирал Б.Өлзийсайхан Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд ирүүлсэн ёс зүйн асуудалтай холбоотой санал гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн”, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар “Монгол улсын Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдол, түүнийг хянан шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгааны үр дүн”-г тус тус танилцуулсан юм.

             Судалгаанаас үзэхэд сахилгын шийтгэл хүлээсэн хуульчдын дийлэнх нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, төлбөр авчихаад гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, цагдан хорих байрны дотоод журам зөрчсөн зэрэг шалтгаанаар сахилгын шийтгэл авагдсан тоо баримтыг хэлэлцүүлгийн үеэр судлаачид онцоллоо. Түүнчлэн 2014-2017 онд Монголын хуульчдын холбоонд 791 гомдол, мэдээлэл ирж, 933 хуульч холбогдсон байх бөгөөд эдгээрийн 751 буюу 80.5% нь өмгөөлөгч, 162 буюу 17.4% нь шүүгч, 20 буюу 2.1% нь прокурор байна гэсэн судалгаа гарчээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар 2015-2017 онд зөвхөн 52 хуульчид хариуцлага хүлээлгэсэн бөгөөд эдгээр хуульчид бүгд өмгөөлөгч байжээ. Харин шүүгч, прокурорт хариуцлага хүлээлгэсэн тохиолдол гараагүй бөгөөд зөвхөн өмгөөлөгчдөд хариуцлага тооцож байгаа нь хуулийн давхардалтай холбоотой гэдгийг судлаач эрдэмтэд дүгнэсэн байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-04-11
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах