Мэдээ мэдээлэл

“ОХУ-ЫН СИБИРИЙН ТОЙРГИЙН БОЛОН МОНГОЛ УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХУУЛЬ ЗҮЙН ФОРУМ” БОЛЛОО

2018.03.13. 2018 оны 03-р сарын 1-3-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужийн Өмгөөлөгчдийн танхим, ОХУ-ын Холбооны Өмгөөлөгчдийн танхимууд хамтран Байгаль нуурын эрэг дээр зохион байгуулсан “ОХУ-ын Сибирийн тойрог болон Монгол улсын Өмгөөлөгчид”-ийн онол практикийн хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд ОХУ-ын Эрхүү, Новосибирск, Кемерово, Буриад, Тува, Алтай, Забайкальск, Алтайский край муж улсуудын Өмгөөлөгчдийн танхимуудын ерөнхийлөгч, төлөөлөгчид болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунцэцэг, Д.Цэндсүрэн, өмгөөлөгч Л.Баярт, Д.Пүрэвбаатар, З.Алтангэрэл, Б.Баярням, Ч.Зоригтбаатар, А.Энхтуяа, Б.Баярмаа, Ц.Байгалмаа, Л.Энхсайхан, Р.Оюунцэцэг нарын нийт 100 гаруй өмгөөлөгчид оролцсон байна. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар онол практикийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд зориулан зохион байгуулагч, хуралд оролцогчид болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн мэндчилгээг хүргүүлсэн юм.

        Хурлын эхний өдөр хөтөлбөрийн дагуу ОХУ-ын болон Монгол улсын өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллаагаа явуулахад тогтсон ажил хэргийн онцлогууд, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо хуваалцаж, харилцан туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тус форумд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч А.Энхтуяа, Л.Энхсайхан, Б.Баярням нар “Монгол улсын хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааны тогтолцоо” сэдэвт илтгэл тавьж, Монгол улсын Өмгөөллийн байгууллагын талаар танилцуулж, товч мэдээлэл өгсөн юм.

        Хурлын хоёр дахь өдөр зохион байгуулагч Эрхүү мужийн Өмгөөлөгчдийн танхим нь оролцогчдод тусгайлан зориулж, Байгаль нуурын мөсөн дээгүүр моторт завьтай гулгах, нуур судлалын музейгээр зочлох, Оросын “Масленица” баярыг уламжлалт аргаар тэмдэглэх зэргээр байгаль орчинтой харилцан, өдрийн турш соёл, амралтын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсан нь хурлын бас нэгэн онцлог болсныг дурдах нь зүйтэй.

           Гурав дахь өдрийн хурал ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний нийгэм, хүний эрхийг хөгжүүлэх зөвлөл”-ийн гишүүн, профессор, ОХУ-ын гавьяат хуульч, холбооны шүүгч асан Сергей Пашины тангаратны шүүхийн талаарх илтгэлээр эхэлсэн байна. Энэ өдрийн сургалт, хэлэлцүүлгийн үеэр Тангарагтны шүүхийн жишиг хурал зохион байгуулагдсан бөгөөд тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунцэцэг сонгогдон оролцож, жишиг хурал сонирхолтой хэлбэрээр өрнөжээ. Онол практикийн хуралд оролцсон ОХУ-ын Сибирийн тойргийн Өмгөөлөгчдийн танхимуудын төлөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2017 оны 07-р сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Монгол-Оросын Өмгөөлөгчдийн спортын наадам”-д оролцсон талаараа дурсаж, Монгол улсын үзэсгэлэнт сайхан байгаль, Монголын өмгөөлөгчдийн элгэмсэг, дотно, зочломтгой зан чанар болон арга хэмжээний зохион байгуулалтад сэтгэл хангалуун байсан талаарх санал бодлоо илэрхийлсэн байна.

          Хурлын төгсгөлд оролцогчид тус форумыг уламжлал болгон зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус онол практикийн хуралд оролцсон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид идэвх санаачлагатай, зохион байгуулалттай оролцсоныг дуулгахад таатай байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

Гадаад харилцаа

 


2018-03-13
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах