Мэдээ мэдээлэл

“Нотариатчдын өдөрлөг”-ийг зохион байгуулна

           Монгол улсад Нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн ой, “Монголын Нотариатчдын Танхим“ ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, Дэлхийн Нотариатын өдрүүдийг тохиолдуулан Монголын Нотариатчдын Танхимаас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатарын талбайд “Нотариатчдын өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг НЗДТГ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбоо хамтран зохион байгуулж,  ХЗДХЯ, Нийслэлийн Шүүх, Нийслэлийн Прокурорын Газар болон Нийслэлийн Цагдаагийн Газар дэмжин ажиллаж байгаа юм.

       Тус өдөрлөг 10 дугаар сарын 16-ны өдрийн 10-17 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд Монголын Нотариатчдын Танхимын нийслэлийн болон 21 аймгийн салбарын нотариатчид нотариатын бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, хууль зүйн зөвлөгөө өгөх, нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор иргэний эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй хүргэх болно. Мөн НЗДТГ-аас төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох үүднээс өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбоотой хамтран эрх зүйн туслалцааг иргэд, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Дээрх байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, чиг үүргийг олон нийтэд сурталчлан танилцуулж, нотариатын үйлдэл, хууль зүйн үйлчилгээний тухай  гарын авлага, танилцуулга материал тарааж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллана.

Монголын Нотариатчдын Танхим

2017-10-12
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах