Мэдээ мэдээлэл

ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны есдүгээр сарын 18-ний өдрийн 30 дугаар тогтоолоор Хуульчдын холбооны гуравдугаар Их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийг 2017 оны аравдугаар сарын 11-17-ны өдрийн хооронд явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд сонгуулийн эхний үе шат болох Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр 08:00 цагт эхэллээ.

Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс байгуулсан Хяналтын хэсгийн гишүүд өнөөдөр 07:30 цагт “Сонгуулийн цахим систем”-ийг шалгаж, ажиллагааг эхлүүлэв. Тус үйл ажиллагаанд Хяналтын хэсгийн ахлагч Д.Хулан /шүүгчийн төлөөлөл/, гишүүн Д.Бөхчулуун /прокурорын төлөөлөл, Г.Батбаяр /өмгөөлөгчийн төлөөлөл/, С.Төгсжаргал /бусад хуульчийн төлөөлөл/, мэдээллийн технологийн мэргэжилтэн Х.Наранхүү, Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Х.Дөлгөөн нар оролцсон юм.

Энэ үеэр нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хугацааг 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цаг байхаар, дуусах хугацааг 2017 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 22:00 цаг байхаар тохируулав. Ингэхдээ сонгуульд нэр дэвшигч өөрийн хамрагдсан төлөөллийн хэсэгт зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлэхээр тохируулга хийгдсэн.

2017-10-11
буцах